Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн:
Агуулга
- 1. Бид хэн бэ
- 2. Хэн юуг хариуцдаг вэ
- 3. Үйлчлүүлэгчийн талаар хадгалдаг мэдээлэл
- 4. Нэр, утасны дугаар
- 5. Дэлгүүрийн эзэн, ажилтны мэдээлэл
- 6. Төлбөр
- 7. Apple Wallet ба Google Wallet
- 8. Төхөөрөмж дээр хадгалагдах мэдээлэл (күүки)
- 9. Хэнтэй хуваалцдаг вэ
- 10. Техникийн бүртгэл
- 11. Хэр удаан хадгалах вэ
- 12. Таны эрх
- 13. Мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ
- 14. Хүүхэд
- 15. Бодлогын өөрчлөлт
- 16. Холбоо барих
Сарвуу бол дэлгүүр, кафед цаасан тамгын картын оронд утсан дээр ажилладаг тамгын карт ажиллуулах үйлчилгээ. Энэ бодлогод бид ямар мэдээлэл хадгалдаг, түүнийгээ юунд ашигладаг, хэнтэй хуваалцдаг, хэр удаан хадгалдаг, мөн танд ямар эрх байгааг энгийнээр тайлбарлалаа.
Энэ бодлого sarvuu.gege.mn вэб сайт, үйлчлүүлэгчийн карт, ажилтны самбар, дэлгүүрийн эзний хэсэг, Apple Wallet болон Google Wallet картад хамаарна. Бид Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баримтална.
1. Бид хэн бэ
- Үйлчилгээний нэр: Сарвуу (Sarvuu: Loyalty stamp)
- Үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд: Лателиэр Гэгэ ХХК
- Байршил: Улаанбаатар, Монгол
- Тусламж болон хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлт: support+sarvuu@gege.mn
- Ерөнхий холбоо: hello@gege.mn
Энэ бодлогод «бид», «Сарвуу» гэж Лателиэр Гэгэ ХХК-г хэлнэ.
2. Хэн юуг хариуцдаг вэ
Сарвуу-г хоёр төрлийн хүн ашигладаг бөгөөд тэдний мэдээллийг хариуцах тал өөр.
- Дэлгүүр (эзэн болон ажилтнууд). Дэлгүүр Сарвуу-д бүртгүүлж, өөрийн тамгын картыг ажиллуулдаг. Эзэн, ажилтны бүртгэлийн мэдээллийг Лателиэр Гэгэ ХХК мэдээлэл хариуцагчийн хувьд хариуцна.
- Үйлчлүүлэгч (дэлгүүрт тамга цуглуулдаг хүн). Тамгын карт ажиллуулж, үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг цуглуулах шийдвэрийг тухайн дэлгүүр гаргадаг. Тиймээс үйлчлүүлэгчийн мэдээллийн хариуцагч нь тухайн дэлгүүр юм. Сарвуу энэ мэдээллийг дэлгүүрийн өмнөөс, зөвхөн тамгын картыг ажиллуулах зорилгоор хадгалж, боловсруулдаг (мэдээлэл боловсруулагч).
Энэ нь практикт юу гэсэн үг вэ:
- Үйлчлүүлэгчийн жагсаалт тухайн дэлгүүрийнх.
- Дэлгүүр бүрийн үйлчлүүлэгч тусдаа бүртгэлтэй. Та хоёр өөр дэлгүүрт тамга цуглуулбал хоёр тусдаа бүртгэл үүснэ. Нэг дэлгүүр нөгөө дэлгүүрийн үйлчлүүлэгчийг харахгүй.
- Бид үйлчлүүлэгчийг таних боломжтой нэр, утасны дугаар, картын дугаар, түүх зэрэг мэдээллийг зарахгүй, өөр дэлгүүрт өгөхгүй, өөрсдийн зар сурталчилгаа, зах зээлийн судалгаанд ашиглахгүй.
- Бид үйлчлүүлэгч болон тодорхой дэлгүүрийг таних боломжгүй болгож нэргүйжүүлсэн, олон дэлгүүрийн мэдээллийг нэгтгэсэн үр дүнг дараах зорилгоор ашиглаж болно: үйлчилгээний ажиллагааг шинжлэх, сайжруулах; нэгтгэсэн тоон мэдээлэл, зах зээлийн чиг хандлага бэлтгэх; манай вэб сайт болон сурталчилгааны материалд ийм нэгтгэсэн үр дүнг харуулах.
- Бид нэргүйжүүлсэн мэдээллээс үйлчлүүлэгч эсвэл тодорхой дэлгүүрийг дахин таних оролдлого хийхгүй. Бүлэг нь хэт жижиг эсвэл бусад мэдээлэлтэй нийлүүлээд хэнийг эсвэл аль дэлгүүрийг таних боломжтой бол үр дүнг нийтлэхгүй.
3. Үйлчлүүлэгчийн талаар хадгалдаг мэдээлэл
Та апп суулгах, бүртгүүлэх, нэрээ хэлэх шаардлагагүй. Дэлгүүрийн QR уншуулах үед танд карт нээгдэж, бид дараах мэдээллийг хадгална:
- Үйлчлүүлэгчийн дугаар: тухайн дэлгүүр доторх санамсаргүй дугаар. Энэ нь таны нэр, утасны дугаар биш.
- Анх болон сүүлд ирсэн цаг.
- Тамгын карт: картын дугаар (картын хуудасны хаягт ордог урт санамсаргүй тэмдэгт), Wallet картыг шинэчлэхэд хэрэглэгддэг нууц түлхүүр, 4 оронтой код, тамганы тоо, картын төлөв (цуглуулж байгаа, дүүрсэн, шагнал авсан) болон холбогдох огноо.
- Тамганы түүх: тамга бүрийн огноо, цаг, хэрхэн тавигдсан (QR, ажилтан гараар, дэлгүүрийн код), аль ажилтан баталгаажуулсан. Тамгыг түүхээс устгадаггүй. Буцаасан тамга «буцаагдсан» гэж тэмдэглэгдэнэ.
- Шагнал олгосон бүртгэл: огноо, олгосон ажилтан, буцаасан эсэх.
- Нэр, утасны дугаар, и-мэйл: зөвхөн та өөрөө оруулсан бол (4-р хэсэг).
- Дэлгүүрийн кодыг буруу оруулсан оролдлогын тоо: 10 минут хүртэл хадгалагдаад автоматаар устана.
Дэлгүүр хүсвэл и-мэйл хаяг асууж болно (4-р хэсэг). Бид үйлчлүүлэгчээс төрсөн огноо, байршил асуудаггүй, хадгалдаггүй.
4. Нэр, утасны дугаар
- Нэр, утасны дугаар, и-мэйлээс алийг нь асуухыг дэлгүүр өөрөө сонгоно. Юу ч асуухгүй байж болно.
- Ихэнхдээ заавал биш. Картанд тамга гарсны дараа оруулахыг хүснэ. «Алгасах» дарвал бүх тамга тань хэвээр үлдэнэ.
- Дэлгүүр аль нэгийг нь заавал болгосон бол анх ирэхэд тань тамга тавихаас өмнө асууна. Тэр мэдээллээ оруулсны дараа тамга тань картад нэмэгдэнэ. Нэг удаа оруулсны дараа дахин асуухгүй.
- Нэг дэлгүүрийн хувьд нэг хөтөч дээр хамгийн ихдээ 3 удаа асууна.
- Ашиглах зорилго: дэлгүүр үйлчлүүлэгчээ таних; утсаа сольсон, эсвэл хөтчийн мэдээллээ цэвэрлэсэн үед ажилтан таныг дугаараар чинь хайж олоод, картыг тань шинэ утсанд шилжүүлэх.
- Дэлгүүрийн эзэн болон менежер өөрийн үйлчлүүлэгчдийн нэр, утасны дугаар, и-мэйл, ирсэн тоо, сүүлд ирсэн огноог жагсаалтаар харж, файлаар татаж авч болно. Ажилтан энэ жагсаалтыг харахгүй.
- Ажилтан хайхдаа дугаарыг бүтнээр нь оруулна. Ажилтны дэлгэц дээр дугаарын зөвхөн сүүлийн 2 орон харагдана. Нэрээ оруулсан бол ажилтны дэлгэц дээр нэр тань харагдана.
- Бид таны дугаар руу SMS илгээдэггүй, залгадаггүй, баталгаажуулах код ч явуулдаггүй. И-мэйл хаяг руу тань ч юу ч илгээдэггүй. Ажилтны дэлгэц дээр и-мэйл харагдахгүй.
- Дугаарыг баталгаажуулдаггүй тул зөвхөн өөрийнхөө дугаарыг оруулна уу.
- Сарвуу одоогоор үйлчлүүлэгч рүү ямар ч мессеж, сурталчилгаа илгээдэггүй. Про багцад зарласан «Сануулга илгээх» боломж нээгдвэл сануулга зөвхөн мэдэгдэл авахыг өөрөө зөвшөөрсөн үйлчлүүлэгчид очих бөгөөд SMS-ээр явахгүй. Тэр боломжийг нээхээс өмнө бид энэ бодлогыг шинэчилнэ.
- Апп дотор нэр, дугаар, и-мэйлээ устгах товч одоогоор байхгүй. Устгуулах, солиулахыг хүсвэл 12-р хэсэгт заасны дагуу хандана уу.
5. Дэлгүүрийн эзэн, ажилтны мэдээлэл
- И-мэйл хаяг. Нууц үг байхгүй: нэвтрэх бүрд бид таны и-мэйл рүү 15 минут хүчинтэй нэг удаагийн холбоос илгээнэ. Холбоосын түлхүүрийг бид хэш хэлбэрээр хадгална. Эзэн ажилтнаа урихад ажилтны и-мэйл рүү мөн ийм холбоос очно.
- Нэвтрэлтийн бүртгэл: IP хаяг, хөтөч болон төхөөрөмжийн мэдээлэл (user agent), нэвтэрсэн болон дуусах хугацаа. Нэвтрэлт 90 хоног хүчинтэй.
- Нэвтрэх оролдлогын хязгаар: хэт олон оролдлогыг зогсоохын тулд IP хаяг, хандсан хаяг, оролдлогын тоог хадгална.
- Дэлгүүрийн мэдээлэл: нэр, богино хаяг (QR холбоосонд ордог), цагийн бүс, холбоо барих утас (заавал биш), тамга хоорондын завсарлага, дэлгүүрийн код ашиглах эсэх, багц болон төлбөрийн төлөв.
- Холбоо барих утас оруулсан бол үйлчлүүлэгчийн карт, Apple Wallet, Google Wallet картан дээр харагдана.
- Картын хийц: картын нэр, шагналын текст, өнгө, тамганы дүрс, лого, арын зураг.
- Лого: таны хөтөч зургийг PNG болгон жижигрүүлж илгээнэ. Бид үүнийг Cloudflare R2-д хадгалж, үйлчлүүлэгчийн карт, Apple Wallet, Google Wallet дээр харуулна. Вэб карт болон Google Wallet-д зориулсан хувилбарыг хаягаар нь хэн ч нээж болно. Логогоо солих, устгахад өмнөх файлуудыг устгана.
- Ажилтан: эзэн ажилтны и-мэйл, тэмдэглэл (жишээ нь «Барын утас») оруулж урина. Хандалтыг хаасан огноог хадгална. Хандалт хаагдсан ч ажилтны бүртгэл болон түүний тавьсан тамганы түүх хадгалагдана.
- Дотоод тэмдэглэл: Сарвуугийн баг дэмжлэг үзүүлэхийн тулд дэлгүүрийн талаар тэмдэглэл хөтөлж болно (жишээ нь холбогдоход тохиромжтой арга). Энэ тэмдэглэл дэлгүүрт харагдахгүй.
6. Төлбөр
- Про багцын төлбөрийг Bonum-аар картаас автоматаар сунгагдах захиалгаар хийнэ. Та картын мэдээллээ Bonum-ын хуудас дээр оруулж баталгаажуулна. Bonum картын токен үүсгэж бидэнд дамжуулна; бид энэ токеныг шифрлэж, таны дэлгүүр, захиалгатай холбож хадгална. Бид картын бүтэн дугаар, нууц кодыг хүлээн авахгүй.
- Bonum-д бид дараахыг илгээнэ: багц, дүн, төлбөрийн давтамж, таны и-мэйл хаяг (Bonum төлбөрийн баримт илгээхэд ашиглана).
- Бид дараахыг хадгална: шифрлэсэн картын токен, картын далд дугаар (зөвхөн эхний 6, сүүлийн 4 орон), картын хүчинтэй хугацаа, банкны нэр, Bonum-ын захиалга болон төлбөрийн дугаар, багц, дүн, давтамж, захиалгын төлөв, дараагийн төлбөрийн огноо, гүйлгээний дүн ба огноо.
- Багцын түүх: багц идэвхжсэн, сунгагдсан, цуцлагдсан, хугацаа дууссан, Үнэгүй багц руу шилжсэн тухай бүртгэлийг дүнтэй нь хадгална.
- Төлбөр төлөгдсөн эсэхийг бид Bonum-аас ирсэн, гарын үсгээр баталгаажсан мэдэгдлээр шалгана.
- И-баримт: баримтыг хувь хүн эсвэл байгууллагад гаргах сонголтыг тань хадгална. Байгууллага сонгосон бол таны оруулсан байгууллагын регистрийн дугаарыг хадгална. Бид энэ дугаар болон бүртгэлийн и-мэйлийг ашиглан И-баримтын (НӨАТ) системээр төлбөрийн баримт гаргана.
- Буцаан олголт: буцаан олголт хүссэн бол таны бичсэн банкны нэр, дансны дугаар, данс эзэмшигчийн нэрийг хүлээн авч, мөнгийг шилжүүлэхэд ашиглана. Энэ мэдээллийг төлбөрийн бүртгэлтэй хамт хуульд заасан хугацаанд хадгална.
7. Apple Wallet ба Google Wallet
Картаа Wallet-д нэмэх нь заавал биш. Нэмээгүй ч бүх зүйл ажиллана.
Apple Wallet:
- «Apple Wallet-д нэмэх» дарахад картын файл таны iPhone-д татагдана. Файлд дэлгүүрийн нэр, лого, арын зураг (оруулсан бол), өнгө, шагналын текст, тамганы тоо, сүүлд тамга авсан огноо, дэлгүүрийн утас (оруулсан бол), картын дугаар болон түүний QR код байна. Таны утасны дугаар, нэр ордоггүй.
- Карт шинэчлэгдэхийн тулд таны iPhone бидэнд Apple Wallet-ийн үүсгэсэн төхөөрөмжийн танигч болон мэдэгдлийн токен илгээнэ. Бид үүнийг карттай тань холбож хадгална.
- Тамга нэмэгдэхэд бид Apple-ийн мэдэгдлийн үйлчилгээгээр (APNs) агуулгагүй дохио илгээнэ. Үүний дараа таны утас шинэчлэгдсэн картыг манайхаас татна.
- Картаа Wallet-аас устгавал утас тань бүртгэлээ цуцалж, бид энэ холбоосыг устгана.
- Wallet картын алдааны мэдээг Apple Wallet бидэнд илгээдэг. Бид үүнийг техникийн бүртгэлд (10-р хэсэг) хадгална.
Google Wallet:
- «Google Wallet-д нэмэх» дарахад бид Google Wallet-д дэлгүүрийн мэдээлэл (нэр, картын нэр, өнгө, лого, арын зураг, утас) болон картын мэдээлэл (тамганы тоо, шагналын текст, явц, 4 оронтой код, картын дугаар ба QR код, картын хуудасны холбоос) үүсгээд, таныг Google-ийн хадгалах хуудас руу шилжүүлнэ.
- Та ямар Google бүртгэлээр хадгалсныг бид мэдэхгүй, хүлээн авдаггүй.
- Тамга нэмэгдэх бүрд бид Google дээрх картын мэдээллийг шинэчилнэ. Картыг Google-д илгээсэн эсэхийг бид тэмдэглэж хадгална.
- Картаа Google Wallet-аас устгасан ч Google дээрх картын бичлэгийг бид автоматаар устгадаггүй. Устгуулахыг хүсвэл бидэнд хандана уу.
Apple, Google нь Wallet-ийн мэдээллийг өөрсдийн нууцлалын бодлогын дагуу боловсруулна.
8. Төхөөрөмж дээр хадгалагдах мэдээлэл (күүки)
Бид зар сурталчилгааны күүки, таныг бусад сайт дээр мөрддөг күүки, аналитик скрипт ашигладаггүй. Ашигладаг нь дараах.
Үйлчлүүлэгчийн утсан дээр:
sv_cкүүки нь картыг тань энэ утастай холбоно. Дотор нь дэлгүүрийн дугаар, тухайн дэлгүүр доторх үйлчлүүлэгчийн дугаар (8 хүртэл дэлгүүр), утасны дугаар болон «нүүр дэлгэцэнд нэмэх» саналыг хэдэн удаа харуулсан тоо байна. Утасны дугаар, нэр агуулахгүй. Гарын үсэгтэй тул өөрчлөх боломжгүй, хуудасны скрипт уншиж чадахгүй. 400 хоног хадгалагдана.- Энэ күүкиг устгавал утас тань карттай холбоо алдана. Картаа картын хуудасны холбоосоор (жишээ нь Google Wallet дээрх «Картаа нээх»), эсвэл ажилтны тусламжаар дахин холбож болно.
Дэлгүүрийн эзэн, ажилтны төхөөрөмж дээр:
- Нэвтрэлтийн күүки:
better-auth.session_token(90 хоног) болонbetter-auth.session_data(5 минут). HTTPS дээр нэрийн өмнө__Secure-залгагдана. - Ажилтны утсан дээрх
sarvuu.device(localStorage): төхөөрөмжийн санамсаргүй дугаар. - Ажилтны утсан дээрх
sarvuu-staff(IndexedDB): интернэт тасарсан үед хийсэн үйлдлийг (тамга баталгаажуулах, шагнал олгох, буцаах) илгээгдэх хүртэл хадгална. Дотор нь тамга, карт, шагналын дотоод дугаар л байна, үйлчлүүлэгчийн утасны дугаар байхгүй. Илгээгдмэгц устана. - Эзний нүүр хуудасны «Дараагийн алхмууд» жагсаалтад гараар тэмдэглэсэн зүйл (localStorage): зөвхөн тухайн хөтөч дээр.
Cloudflare сайтыг хамгаалах зорилгоор өөрийн техникийн күүки тавьж болно.
9. Хэнтэй хуваалцдаг вэ
Бид үйлчилгээг ажиллуулахын тулд дараах компанийн үйлчилгээг ашигладаг. Тэд зөвхөн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг авна.
- Cloudflare: вэб сайтыг ажиллуулах (Workers), мэдээллийн сан (D1), лого, арын зургийн файл (R2), түр санах ой (KV), техникийн бүртгэл (Workers Logs). Энэ бодлогод дурдсан бүх мэдээлэл Cloudflare-ийн сервер дээр хадгалагдана.
- Ray (ray-api.gege.mn): gege.mn-ийн и-мэйл илгээх үйлчилгээ. Нэвтрэх холбоос, ажилтны урилга, дэлгүүр үүсгэсэн эзэнд очих тавтай морилно уу и-мэйл, мөн дэлгүүрийн эзэнд төлбөр, багцын мэдэгдэл (төлбөрийн баримт, сунгалт болон идэвхгүй бүртгэлийн сануулга) илгээнэ. Үүнд таны и-мэйл хаяг болон захидлын агуулга (дэлгүүрийн нэр, багц, дүн, огноо, картын далдалсан дугаар) дамжина. Ray захидлыг и-мэйл хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулж хүргэнэ. Холбоос дээр дарсныг бүртгэх тохиргоо унтраалттай.
- Bonum: карт холбох, автомат сунгалттай захиалга, картын төлбөр (6-р хэсэг). Зөвхөн Про багц худалдан авсан үед.
- Discord: төлбөр орох, сунгалтын төлбөр амжилтгүй болох, автомат сунгалт цуцлагдах бүрд Сарвуугийн багт дотоод мэдэгдэл илгээнэ. Үүнд дэлгүүрийн нэр, дэлгүүрийн дотоод дугаар, бүртгэлийн и-мэйл, багц, дүн, сар эсвэл жилийн төлбөр эсэх, төлсөн огноо болон хүчинтэй хугацаа, И-баримтын хүлээн авагчийн төрөл болон регистрийн дугаар, төлбөр амжилтгүй болсон эсвэл цуцлагдсан шалтгаан, манай төлбөрийн үйл явдлын дугаар дамжина. Картын мэдээлэл дамжихгүй. Сарвуугийн баг үүнийг зөвхөн И-баримт гаргах, төлбөрийн асуудлаар холбогдоход ашиглана.
- Apple: Apple Wallet карт болон мэдэгдлийн үйлчилгээ. Зөвхөн картаа Apple Wallet-д нэмсэн үед.
- Google: Google Wallet (зөвхөн картаа нэмсэн үед) болон вэб фонт (Google Fonts). Манай хуудсыг нээх бүрд таны хөтөч Google-ийн серверээс үсгийн фонт татдаг тул Google таны IP хаяг, хөтчийн мэдээллийг харж болно.
Мөн:
- Дэлгүүр: тамга тавих, баталгаажуулах, шагнал олгох үед тухайн дэлгүүрийн эзэн, ажилтанд таны карт, тамганы түүх харагдана. Утасны дугаар далд харагдана.
- Сарвуугийн баг: зөвхөн техникийн дэмжлэг, алдаа засах, хүсэлт шийдвэрлэх, зүй бус хэрэглээ шалгах үед хандана.
- Эрх бүхий байгууллага: хуульд заасан үндэслэлээр шаардсан үед.
Бид хувийн мэдээллийг зардаггүй.
Cloudflare, Discord, Apple, Google-ийн серверүүд Монгол Улсаас гадна байрладаг тул таны мэдээлэл гадаадад хадгалагдаж, боловсруулагдана.
10. Техникийн бүртгэл
Cloudflare Workers Logs асаалттай. Гэхдээ сайт руу хандах хүсэлт бүрийг хаягтай (URL) нь бүтнээр бүртгэдэг автомат бүртгэлийг бид унтраасан. Тиймээс картын дугаар, утасны дугаар хаягаар дамжин бүртгэлд орохгүй. Бүртгэлд зөвхөн манай код өөрөө бичдэг мөрүүд орно:
- алдааны мэдээ болон хуудасны төрөл (жишээ нь «картын хуудас»), харин хаяг нь биш;
- дэлгүүрийн дотоод дугаар, файлын нэр зэрэг алдаа засахад хэрэгтэй техникийн мэдээлэл;
- цаг.
Эдгээр мөрөнд бид картын дугаар, утасны дугаар, и-мэйл, IP хаяг бичдэггүй. Бид үүнийг зөвхөн алдаа засах, үйлчилгээг хамгаалахад ашиглана. Cloudflare энэ бүртгэлийг 7 хоногоос илүүгүй хадгална.
11. Хэр удаан хадгалах вэ
- Үйлчлүүлэгчийн бүртгэл, карт, тамганы түүх, нэр, утасны дугаар, и-мэйлийг дэлгүүр Сарвуу ашиглаж байх хугацаанд хадгална. Төлбөртэй багц дууссан нь дангаараа эдгээр мэдээллийг шууд устгах үндэслэл болохгүй; дэлгүүр Үнэгүй багцыг үргэлжлүүлэн ашиглаж болно.
- Төлбөртэй багц дууссанаас хойш хуанлийн 90 хоног өнгөрмөгц Үнэгүй багцад хамаарахгүй тохиргоо, лого, арын зураг болон бусад файлыг тусгай сануулгагүйгээр бүрмөсөн устгаж болно.
- Дэлгүүрийн бүртгэлд нэвтрээгүй, тамга тавиагүй, амжилттай төлбөр хийгээгүй болон бусад бодит ашиглалт гараагүй 180 хоног дараалан өнгөрвөл бүртгэлийг идэвхгүйд тооцно. Энэ хугацаа сүүлийн ийм үйлдлийн дараах өдрөөс эхэлнэ. Төлбөртэй багц нь идэвхтэй, эсвэл нэмэлт хугацаандаа байгаа дэлгүүрийг хэзээ ч идэвхгүйд тооцохгүй.
- Идэвхгүй болсон бүртгэлийн дэлгүүр, эзэн, ажилтан, үйлчлүүлэгчийн жагсаалт, карт, тамганы түүх, нэр, утасны дугаар, байршуулсан файл болон үйлчилгээний бусад мэдээллийг бүрмөсөн устгаж болно. Устгасны дараа сэргээх боломжгүй. Хуульд заавал мэдэгдэхээр зааснаас бусад тохиолдолд бид тусгай и-мэйл, SMS, утасны дуудлага болон бусад сануулга өгөх үүрэггүй.
- Төлбөр, багцын түүх, хамгаалалтын бүртгэл болон хууль, нягтлан бодох бүртгэл, залилангаас сэргийлэх, аюулгүй байдал, маргаан шийдвэрлэх зорилгоор шаардлагатай бусад мэдээллийг холбогдох хугацаанд хадгалж болно.
- Bonum-ын картын токен: автомат сунгалт идэвхтэй байх хугацаанд, эсвэл устгуулах хүсэлт гаргах хүртэл. Автомат сунгалтыг цуцалсны дараа токеныг дахин төлбөр авахад ашиглахгүй. Цуцалсан захиалга, гүйлгээний түүх төлбөр болон багцын түүхтэй хамт хадгалагдаж болно.
- Байгууллагын регистрийн дугаар: дэлгүүрийн бүртгэл байх хугацаанд, эсвэл түүнийг солих хүртэл. Гаргасан И-баримт болон татварын бүртгэлийг төлбөрийн түүхтэй хамт холбогдох хугацаанд хадгалж болно.
- Буцаан олголтын дансны мэдээлэл: буцаан олголтыг шийдвэрлэх хугацаанд, дараа нь нягтлан бодох бүртгэлийн хуульд заасан хугацаанд төлбөрийн түүхтэй хамт.
- Нэвтрэх холбоос: 15 минут.
- Нэвтрэлт: 90 хоног.
- Дэлгүүрийн кодын буруу оролдлогын тоо: 10 минут хүртэл.
- Apple Wallet-ийн төхөөрөмжийн холбоос: картаа Wallet-аас устгах хүртэл.
- Лого: солих, устгах хүртэл.
- Техникийн бүртгэл: 7 хоног хүртэл.
- Утсан дээрх
sv_cкүүки: 400 хоног.
Нэргүйжүүлсэн, үйлчлүүлэгч болон тодорхой дэлгүүрийг таних боломжгүй нэгтгэсэн мэдээллийг дээрх хугацаа дууссаны дараа ч 2-р хэсэгт заасан зорилгоор хадгалж, ашиглаж болно.
Апп дотор мэдээллээ устгах, хуулбарыг нь татаж авах товч одоогоор байхгүй. Ийм хүсэлтийг бид и-мэйлээр хүлээн авч, гараар шийдвэрлэнэ (12-р хэсэг). Устгасан мэдээлэл Cloudflare D1-ийн сэргээх нөөцөд 30 хоног хүртэл үлдэж болно.
12. Таны эрх
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу та дараах эрхтэй:
- таны талаар мэдээлэл хадгалж байгаа эсэх, ямар мэдээлэл, ямар зорилгоор, хэнд дамжуулсныг мэдэх;
- мэдээллийнхээ хуулбарыг цаасан болон цахим хэлбэрээр авах;
- буруу мэдээллийг засуулах;
- мэдээллээ устгуулах;
- мэдээлэл боловсруулахыг зогсоох, өгсөн зөвшөөрлөө (жишээ нь утасны дугаар) цуцлах.
Хүсэлт хэрхэн гаргах вэ:
- Үйлчлүүлэгч бол тухайн дэлгүүртээ, эсвэл шууд support+sarvuu@gege.mn хаягаар хандана уу. Дэлгүүрийн нэр, картын хуудасны холбоос эсвэл үлдээсэн утасны дугаараа бичнэ үү. Үйлчлүүлэгчийн мэдээллийг дэлгүүр хариуцдаг тул бид шаардлагатай бол дэлгүүртэй хамтран шийдвэрлэнэ.
- Дэлгүүрийн эзэн, ажилтан бол бүртгэлтэй и-мэйл хаягаасаа support+sarvuu@gege.mn хаягаар бичнэ үү.
- Хүсэлт гаргасан хүн мэдээллийн эзэн мөн эсэхийг бид шалгах шаардлагатай байж болно.
- Хүсэлтдээ бичсэн картын холбоосыг бид зөвхөн таны картыг олоход ашиглана.
Гомдол:
- Эхлээд бидэнд эсвэл дэлгүүртээ хандана уу.
- Шийдвэрт сэтгэл хангалуун бус бол Хүний эрхийн Үндэсний Комисс эсвэл эрх бүхий бусад байгууллагад гомдол гаргах, шүүхэд хандах эрхтэй.
13. Мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ
- Сайт HTTPS-ээр ажиллана.
- Бид нууц үг хадгалдаггүй. Нэвтрэх холбоосын түлхүүр хэш хэлбэрээр хадгалагдана.
- Үйлчлүүлэгчийн күүки гарын үсэгтэй, хуудасны скриптээс хандах боломжгүй.
- Дэлгүүр бүр зөвхөн өөрийн мэдээлэлд хандана. Аль дэлгүүр болохыг хуудасны хаягаас биш, нэвтэрсэн бүртгэлээс тодорхойлдог.
- Ажилтны дэлгэц дээр утасны дугаар далд харагдана. Ажилтан үйлчлүүлэгчийн жагсаалт, тоон мэдээлэл харах эрхгүй.
- Платформын удирдлагын хэсэгт зөвхөн Cloudflare Access-ээр баталгаажсан Сарвуугийн ажилтан нэвтэрнэ.
- Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил гарвал хуульд заасны дагуу мэдэгдэнэ.
Та ч бас анхаараарай:
- Картын хуудасны холбоос болон Wallet картын QR код бол таны картын түлхүүр. Үүнийг бусадтай бүү хуваалцаарай.
- Дэлгүүрийн эзэн, ажилтан бол и-мэйлээ хамгаалж, утсаа өөр хүнд өгөхөөсөө өмнө «Гарах» дарна уу.
14. Хүүхэд
Сарвуу нас асуудаггүй бөгөөд хүүхдэд тусгайлан зориулагдаагүй. Хүүхдийнхээ мэдээллийг устгуулахыг хүсвэл support+sarvuu@gege.mn хаягаар хандана уу.
15. Бодлогын өөрчлөлт
- Үйлчилгээ өөрчлөгдөхөд энэ бодлогыг шинэчилж, дээрх огноог өөрчилнө.
- Мэдээлэл цуглуулах, ашиглах байдлыг мэдэгдэхүйц өөрчлөх бол (жишээ нь сануулга илгээх боломж нээгдэхэд) хэрэгжүүлэхээс өмнө энд нийтэлнэ.
16. Холбоо барих
- Лателиэр Гэгэ ХХК, Улаанбаатар, Монгол
- Хувийн мэдээлэл, тусламж: support+sarvuu@gege.mn
- Ерөнхий холбоо: hello@gege.mn
- Үйлчилгээний нөхцөл: https://sarvuu.gege.mn/terms